Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

ЧОЙБАЛСАН ХОТЫН ХӨРСНИЙ ЧАНАРЫН 2021 ОНЫ ТӨЛӨВ БАЙДАЛ

Шинэчлэгдсэн: 2024-04-23 07:40:27

Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу Чойбалсан хотын тулгуур 19 цэгийн хөрсний сорьцыг 2 жил тутамд авч агрохимийн үзүүлэлтүүд болон 12 төрлийн хүнд металлыг тодорхойлж байна.

Агрохимийн үзүүлэлтүүд: Хөрсний орчин, чийг, ялзмаг, аммонийн азот, нитратын азот, сульфат, фосфор.

Хүнд металл: Кадми, хар тугалга, мөнгөн ус, бром, хром, цайр, зэс, кобальт, стронций, рубиди, циркон, хлорын агууламжыг тус тус тодорхойлж “Хөрсний чанар, Хөрс бохирдуулагч бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 5850:2019 стандарттай харьцуулав.

Хүнд металл нь үйлдвэр болон ахуйн хог хаягдал, цахилгаан станцын утаа, үнс нурам, тээврийн хэрэгслээс ялгарах утаатай хамт агаарт цацагдаж улмаар газрын хөрсөнд шингэдэг ба органик бохирдуулагчийн нэгэн адил задарч саармагжих, цэвэрших процессд бараг ордоггүй маш удаан хугацаагаар хөрсөнд хуримтлагддаг. Хөрсөнд агуулагдах зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хүрээлэн буй орчин болон амьд организмд хортой нөлөө үзүүлдэг.

Хүнд металлын элементүүдийг MNS 5850:2019 стандарттай болон  цэгүүдийн агууламжуудыг хооронд нь харьцуулан харуулав.

Чойбалсан хотын 19 цэгийн хар тугалгын агууламж нь 9.1-24.3 мг/кг хооронд байсан ба 1-р 10 жилийн сургуулийн урд талаас авсан цэгийн агууламж нь 24.3 мг/кг буюу хамгийн их нь байсан байна.

Кадмигийн агууламж нь 0-1.5 мг/кг хооронд байсан ба хамгийн их агууламж нь  ДЦС-н баруун урд цэгээс авсан дээжинд 1.5мг/кг байв.

Мөнгөн усны агууламж нь ДЦС-н баруун урд булан, Коллежийн ард тал 20м цэгүүд тус бүрт  0.3 мг/кг, ТЗ-н 2-р 10н жилийн сургууль, УЦУОШТөвийн хашаан доторх цэгүүдэд тус бүр 0.4мг/кг байсан ба бусад цэгүүдээс авсан дээжинд илрээгүй байна.

Цэгүүдийн цайрын агууламж нь 48.2-1667.0мг/кг хооронд байсан ба ТЗ-н 2-р 10н жилийн сургуулиас авсан дээжний агууламж хамгийн их буюу 1667.0мг/кг байсан нь стандарт хэмжээнээс 5.5 дахин давсан үзүүлэлттэй байна.

Зэсийн агууламж нь 21.2-28.4мг/кг хооронд байсан ба стандарт хэмжээнээс давсан тохиолдол ажиглагдаагүй байна.

Кобальтын агууламж нь 5.4-75.0мг/кг хооронд байсан ба ДЦС-н баруун урдаас авсан цэгийн агууламж нь 75.0мг/кг гарсан нь стандарт хэмжээнээс 1.5 дахин их үзүүлэлттэй байна.

Стронцийгийн агууламж нь 243-394мг/кг хооронд байсан ба стандарт хэмжээнээс давсан тохиолдол ажиглагдаагүй байна.

Зарим хүнд металл болох Рубидигийн агууламж нь 56.4-257.0мг/кг, Цирконы агууламж нь 99.6-356мг/кг, Борын агууламж нь 0.3-2.1мг/кг, Хромын агууламж 0-2.5мг/кг хооронд тус тус ажиглагдсан бол Хлорын агууламж илрээгүй байна.

Дүгнэлт

Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу Чойбалсан хотын тулгуур 19 цэгийн хөрсний сорьцыг авч агрохимийн үзүүлэлтүүд болон хүнд металлуудыг тодорхойллоо. Мөн үзүүлэлтүүдийн агууламжыг “Хөрсний чанар, Хөрс бохирдуулагч бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 5850:2019 стандарттай харьцуулав.

Үүнд: Цайрын агууламж нь ТЗ-н 2-р 10н жилийн сургуулиас авсан дээжинд 1667.0мг/кг байсан ба стандарт хэмжээнээс 5.5 дахин, Кобальтын агууламж нь ДЦС-н баруун урдаас авсан дээжинд 75.0мг/кг байсан ба стандарт хэмжээнээс 1.5 дахин тус тус давсан үзүүлэлттэй байна. Бусад хүнд металлуудын агууламж нь стандарт хэмжээнээс давсан тохиолдол ажиглагдаагүй байна.

Байгаль орчны шинжилгээний лаборатори

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Дорнод аймгийн 2016 оны хөрсний төлөв байдал 2017-06-14 1970-01-01 3577
Улаанбаатар хотын 2014 оны хөрсний тойм 2016-10-17 1970-01-01 1979