Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2022 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар)
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2022-2023 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.
Энэ намар 10 дугаар сарын эхээр болон сүүлчээр нилээд нутгийг хамарч цас орсон бөгөөд 10 дугаар сарын 31-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байгаагаас Чойбалсан хот, Халхгол, Матад, Баянтүмэн, Булган, Гурванзагал, Сэргэлэн, Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумдад, Халхгол сумын Ялалт багийн нутгаар 1-7 см зузаан цас орж цасан бүрхүүл тогтсон байна.
Зудын эрсдэлийн зургаас үзвэл, нийт нутгийн 70 гаруй хувьд зудын эрсдэл хамгийн бага, 20 гаруй хувьд бага, Чойбалсан, Матад болон Халхголын ганц нэг сумдаар дунд зэрэг эрсдэлтэй байна.
Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байгаа бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа (tsag-agaar.gov.mn), нэгжийн ургац бага, малын тоо ихтэй зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Ийнхүү зудын эрсдэл ихтэй бүс нутгаар малын тарга хүч дутуу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй, малчид мөнгөжих боломж муутай байгаа нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлсээр байна.
Бид цаашид цас орох, зузаан нь нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр нөхцөл байдал хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.
Дорнод аймаг УЦУОШТөв