Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2023 оны 12 дугаар сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур: Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -24.3...-30.6 градус хүйтэн буюу бүх нутгаар олон жилийн дунджаас 7.5...10.6 градусаар хүйтэн байлаа. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур -17...-21 градус хүйтэн, үнэмлэхүй бага температур -30...-42 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -23...-31 градус хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь -7...-20 градус хүйтэн, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -31...-42 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Гурванзагал, Халхголын сав нутгаас бусад нутгаар 0.0...0.7 мм хур тунадастай. 1-3 хоног тунадас орсон ба олон жилийн дунджаас бага хур тунадас орсон. /зураг-2/
Цасан бүрхэц: Нийт нутгаар жигд 10 баллын цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 7-15см, цасны дундаж нягт 0.14-0.23гр/см3 байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны 286 тогтоолын Ган, Зудын байдалд үнэлгээ хийх журмын 3 дугаар бүлгийн Зудыг үнэлэх шалгуур үзүүлэлтээр 2023 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар аймгийн зудын эрсдэлийг үнэлэхэд Гурванзагал сум, Булган сумын Хулсан шанд баг, Матад сумын Жаргалант, Буян-Өндөр баг, Халхгол сумаар цасны дундаж зузаан 11-16см, хунгартаа 30-40см, цасны нягт 0.25гр/см3 буюу “ЦАГААН ЗУД”, Чойбалсан хот болон Баян-Уул, Баяндун, Чойбалсан, Сэргэлэн, Дашбалбар, Баянтүмэн сумдын нийт, Матад сумын Түмэнхаан, Баянхагай, Мэнэн, Эрдэнэбадрах баг, Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт, Батхаан, Баян-Уул баг, Булган сумын Өндөр хошуу, Чулуут, Баян-Уул баг, Цагаан-Овоо сумын Баянгол, Элст боон, Зүрх, Бэлчир хүрээт, Гүн цэнгэлэг багуудаар цасны дундаж зузаан 4-21см, хунгар газартаа 20-35см, цасны нягт 0.10-0.24гр/см3 буюу "ЦАГААНААР ЗУДАРХУУ" байна.
Салхи шуурга:Салхины хамгийн их хурд нийт нутгаар 4-12 м/с байна. Чойбалсан хот болон Дашбалбар, Матад, Баян-Уул, Баяндун сумдад 10-12м/с, бусад сумдаар 4-8м/с байв. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 2-3 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Дашбалбар, Баян-Уул, Сэргэлэн, Цагаан-Овоо сумдад болон Ялалт багт мал оторлох, Халхгол суманд мал хөнгөлөх, Баян-Уул суманд мал хээлтүүлэх, Баянтүмэн, Гурванзагал, Цагаан-Овоо, Чулуунхороот сумдад малд нэмэгдэл тэжээл бэлтгэх, Баян-Уул, Цагаан-Овоо сумдад хужир шүү бэлтгэх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТ