Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2024 оны 03 дугаар сарын 11-20-ны байдлаар/
Агаарын температур: Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -16.4...-23.8 градус хүйтэн буюу Халхгол сум олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 2.1-6.2 градусаар дулаан байлаа. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 0...+8 градус дулаан, үнэмлэхүй бага температур -10...-20 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -8...+2 градус дулаан, үнэмлэхүй их /халуун/ нь +4...+22 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -12...-24 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.3...12.6 мм хур тунадастай. Нийт нутгаар 1-5 хоног тунадас орсон ба Сэргэлэн, Дашбалбар сумдаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджаас их тунадас орсон. Чулуунхороот сумаар цас ороогүй. /зураг-2/
Цасан бүрхэц: Нийт нутгаар жигд 10 баллын цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 0-22см, цасны дундаж нягт 0.16-0.29гр/см3 байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны 286 тогтоолын Ган, Зудын байдалд үнэлгээ хийх журмын 3 дугаар бүлгийн Зудыг үнэлэх шалгуур үзүүлэлтээр 2024 оны 03 дүгаар сарын 20-ны байдлаар аймгийн зудын эрсдэлийг үнэлэхэд Халхгол, Баянтүмэн сумдын нийт, Матад сумын Жаргалант, Буян-Өндөр баг, Булган сумын Хулсан шанд баг, Цагаан-Овоо сумын Зүрх, Бэлчир хүрээт багаар цасны дундаж зузаан 10-33см, хунгартаа 18-60см, цасны нягт 0.25-0.34гр/см3 буюу “ЦАГААН ЗУД”, Баян-Уул, Хөлөнбуйр, Чойбалсан, Сэргэлэн, Гурванзагал сумдын нийт, Чойбалсан хотын ихэнх, Дашбалбар сумын Сэвсүүл жараахай, Чух, Улз баг, Булган сумын Өндөр хошуу, Чулуут баг, Цагаан-Овоо сумын Баянгол, Элст боон, Гүн цэнгэлэг багаар цасны дундаж зузаан 8-16см, хунгар газартаа 15-30см, цасны нягт 0.14-0.24гр/см3 буюу "ЦАГААНААР ЗУДАРХУУ" байна. Баяндун, Чулуунхороот сумдад өвөлжилт хэвийн байна.
Салхи шуурга:Салхины хамгийн их хурд нийт нутгаар 10-20 м/с байна. Чойбалсан хот болон Дашбалбар, Матад, Халхголын сав нутгаар 16-20м/с, бусад сумдаар 10-14м/с байв. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-8 өдөр ажиглагджээ.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Ихэнх сумдад малд нэмэгдэл тэжээл бэлтгэх, мал төллөх ажил явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв